Skip links

Бид 2008 оноос олон нийтэд урлагийн боловсрол олгох “Эгшиглэн” төгөлдөр хуурын сургалтын төвөө байгуулж үйл ажиллагаа эхлүүлж байсан түүхтэй. 2014 онд Японы KAWAI корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Эгшиглэн классикал мюзик” компаниа байгуулж, олон улсын хөгжмийн боловсролын стандарт, арга зүй, хөтөлбөр, техник, технологийг Монгол Улсдаа нэвтрүүлэх чиглэлээр ажилласан. 2015 онд Kawai Монголд, Эльмар Гасанов Монголд олон улсын зэрэглэлийн тоглолтыг эх орондоо зохион байгуулж байсан.

2021 онд “Монгол авъяасыг дэлхийд” уриатай Art of Ulaanbaatar төвийн үйл ажиллагаагаа эхлүүлж олон нийтэд соёл урлагийн боловсрол олгох болон Монголын сор болсон авъяаслаг  уран бүтээлчдийг олон улсын тавцанд менежмент хийх чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

Дэлхийн улс орнуудын соёлыг түгээх арга барил нь илүү энгийн болж ард иргэдийнхээ өдөр тутмын амьдрал руу улам ойртож, урлагийн боловсролыг хувь хүний хөгжил төлөвшилийн суурь бодлого болгон хэрэгжүүлж байна. Хүний хөгжилд урлагийн боловсролын үзүүлэх нөлөөлөл хамгийн чухал байр суурийг эзэлсээр ирсэн бөгөөд соёлт нийгмийг бүтээх, цаашлаад хүмүүнлэг, шудрага иргэнийг төлөвшүүлэхийн тулд хүүхэд багачуудаа багаас нь гоо зүйн өндөр боловсролтой болгох шаардлагатай байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр бид дэлхийн боловсролтой Монгол хүүхэд, залуучуудыг сурган хүмүүжүүлж, орчин үеийн урлагийн боловсролын сургалтын стандартыг өөрийн орондоо нэвтрүүлэх боломж бүрдэх юм.

Мөн Монгол авъяасыг дэлхийд таниулах зорилгынхоо хүрээнд чадварлаг, авъяаслаг хүүхэд залуучуудыг дэмжин ажиллах, тэднийг сурган хөгжүүлэх, олон нийтэд сурталчилан таниулах, улмаар дэлхийд гаргах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвд, сөүлийн гудамжинд 7 давхар 1200мКв талбайтай “Art of Ulaanbaatar” соёл урлагийн төвийг бүтээн байгуулж 2021 оны намар нээлтээ хийхээр ажиллаж байна.

2021 онд “Art of Ulaanbaatar” концертын танхимд тоглолтоо хийхээр Монгол Улсын нэрийг олон улсын давцанд гаргасан, Чайковскийн олон улсын уралдааны шилдэг концерт мейстер, Дэлхийн шилдэг төгөлдөр хуурч  Б.Бат-Эрдэнэ, Бразил улсад зохиогдсон Cirque International Festival contest of Brazil Олон улсын циркийн фестивал, Итали улсад зохиогддог 29-дэх Golden Circus Festival-ийн шагналт дэлхийн шилдэг нугараач Цэцэглэн, Япон улсын төгөлдөр хуурч Нанако Курито нартай албан ёсоор гэрээ байгуулаад байгаа билээ.