Skip links

ЗӨВЛӨХ БАГ

Балчинжавын ДОЛГИОН Хөгжмийн зохиолч, УГЗ

Монголчууд бидний сайн мэдэх бүхий л цаг үеийн хит дуу болох “Сэхүүн салхи”, “Ганцхан чамдаа”, “Инээмтгий хүн”, “Хүрээ хүүхнүүд”, “Зуны дурлал”, “Учралын блюз”, “Урин хавар ирлээ”, “Хослон дуулъя”, “Цасан үлгэр”, “Намрын гуниг” болон бусад олон сайхан дууг зохиосон “Инээмсэглэл” хамтлагийн хөгжимчин, Пентатоник наадмын шагналт, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, продюсер, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион.

Цэрэндоржийн ЧУЛУУНБАТ Хөгжмийн зохиолч, дуучин, Харанга хамтлагийн ахлагч, УГЗ

Домогт Харанга хамтлагийн гишүүн Ц.Чулуунбат нь Монголын рок поп урлагт хамгийн хүндтэй байр суурь эзлэдэг, ард түмний ХИТ бүтээлүүдийн зохиогч. 2005 онд Up Music продакшнийг үүсгэн байгуулсан. 2005 онд бие даасан “My Street” цомгоо гаргасан нь Монголын CD борлуулалтын түүхэн дэх хамгийн амжилттай цомог болсон юм. Мөн “Chuka’s Songs”, “Содон Аялгуу”, “Амьдралын бэлэг” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон олон хит дуунуудаас бүрдсэн өөрийн цомгуудыг гаргасан болно.

Наранбаатар ХАЛИУН Хөгжмийн найруулагч, продюсер, УГЗ

Монголын хөгжмийн урлагийн салбарт 1992 оноос эхлэн дуу, хөгжмийн зохиол бичиж, хөгжмийн найруулагч болон продюсерээр дагнан уран бүтээлээ туурвиж байгаа. Тэрбээр Монголын анхны дуу бичлэгийн “Сонор” студийг үүсгэн байгуулагдахад чухал үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлчдийн нэг бөгөөд рок попын ертөнцөд 1996 оноос хойш өнөөг хүртэл бүтээгдсэн дуу, хөгжмийн дийлэнхи шилдэг бүтээлүүдэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Өдгөө түүний зохиосон дуунууд 100 хол давж, 1000 гаруй дууны хөгжмийн найруулга, уран бүтээлчдийн бие даасан 50 гаруй цомог, кино, жүжгийн хөгжмийн зохиолуудыг бичсэн.

Чухлаагийн ДЭЛГЭРЦЭЦЭГ Хийлч, МУСТА

Хийлч Дээгий бол нэр нь “брэнд” болтлоо Монголын ард түмэнд танигдсан уран бүтээлч юм. Түүний урлагийн хэв маяг, гал мэт дүрэлзэх мэт техно-классик тоглолт, тайзны шинэлэг шийдлүүд нь нэн содон. Хийлийн уран яруу эгшгээрээ бидний зүрх сэтгэлийг хөглөдөг хийлч Дээгий Монголдоо Хөгжим бүжгийн сургуулийн хийл хөгжмийн анги, ШУТИС-ийн орос, англи хэлний инженер-орчуулагчийн ангийг дүүргэж, АНУ-ын Мичиган мужид “Grand Valley” их сургуулийн хийлийн гоцлон тоглоочийн ангид бүрэн тэтгэлэгтэйгээр суралцсан. Хийлч Дээгий Grand Valley их сургуулиа амжилттай төгсөөд хөгжмийн багшаар суралцах тэтгэлэг хүртэж American Suzuki Assoccion-ын гишүүн, Албан ёсны Сузуки сертификат эзэмшигч багш болсон. Хийлч Дээгий Хөгжмийн сургууль байгуулах мөрөөдлөө, American Suzuki Assoccion-д өгсөн амлалтаа биелүүлж чадсанаар 2015 онд Degi’s Music school-ээ нээсэн.