Skip links

МЕНЕЖМЕНТИЙН БАГ

Бадамгаравын БАТ-ӨЛЗИЙ Үүсгэн байгуулагч, захирал

“Эгшиглэн” төгөлдөр хуурын сургуулийн захирал, Дэлхийн нэрт брэнд болох Япон улсын KAWAI корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч. 2008 оноос бүх нийтийн урлагийн боловсролын чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан удирдаж байснаас гадна Монголын хүүхэд, залуучуудад зориулсан төгөлдөр хуурын анхны цуврал сурах бичгүүд болох PIANO I, PIANO II болон “Болор төгөлдөр хуурын домог”, “Эгэл ертөнц”, “Зуныг мөрөөдсөн гөлөг” зэрэг номын зохиогч.

2018 онд Монголын нийт хүүхэд залуучуудад зориулан C channel Education TV буюу Монголын анхны реклам сурталчилгаагүй, улс төргүй, 100 хувь боловсролын телевизийг үүсгэн байгуусан.

2021 онд “Монгол авъяасыг дэлхийд” гаргах зорилготой Art of Ulaanbaatar төвөө үүсгэн байгуулсан.

Жамсранжавын ЛУВСАНДОРЖ Төслийн зөвлөх

Хүний нөөцийн удирдлагын магистр. Хүний нөөц, маркетинг, төслийн удирдлагаар мэргэшсэн. Сургалт хөгжил, зөвлөх үйлчилгээний “Үндэстэн Баг”, бүтээгчдийн үндэсний нэгдэл Бүтээлч Монгол (Creative Mongolia), бүтээлч хотхон Creative Camp- г үүсгэн байгуулсан. “Сэрж буй Монгол”, “Өнөөдрийн тэмүүлэл” хувь хүний хөгжлийн сонсдог номын зохиогч.

Нийгмийн хөгжлийн чиглэлээр “Алтай ятга” төсөл, “Сайн хүүхэд” хөтөлбөр, “Дээд эрүүл мэнд” аян, KAWAI Монголд төсөл,  “ДүДү шинжлэх ухааны музей” төсөл, Teamwork&Teamplay олон улсын хөтөлбөрийг тус тус дэмжиж зөвлөх, удирдлагын багт ажилласан.

Эвт үүд хаалганы үйлдвэр, ТАСО хэв хашмалын үйлдвэр, Хүнс экпресс, Талх чихэр, Эника органик зэрэг үндэсний үйлдвэр, салбартаа тэргүүлэгч 50 гаруй компаниудад сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажилласан.

Батбаярын УЯНГА Үйл ажиллагааны менежер, дизайнер

Үндэсний дээлний уламжлалт материал, хэв маягийг өөрчлөн орчин үеийн европ хувцасны хэв маягтай хослуулан, өнгөний хурц, тод элементүүдийг оруулж өгсөн өөрийн нэрийн “UYANGA” брэндийн коллекцоо 2014 онд гаргаж байсан. Энэхүү коллекцийн зориго нь уламжлалтыг орчин үетэй хослуулан өнөөгийн залуучуудын хувцаслалтын хэв маягт үндэсний шинжийг оруулж өгөх байв. “UYANGA” брэндийн энэхүү дизайн, өнгөний шийдэл, материалын онцлог, сонголтыг үндэсний дээлэнд оруулж хослуулсан байдлаас Монголын олон дизайнерууд санаа авч бүтээл урлан энэхүү шийдлийг улам төгөлдөржүүлж Монгол дээлийг орчин үеийн залуучуудын өдөр тутмын хэрэглээнд улам ойртуулахад хувь нэмэрээ оруулсан байдаг.

Мөн дизайнеруудын коллекцуудад зөвлөгөө өгөх, урлаг соёлын бүтээгдэхүүнийг зах зээл дээр гарахад нь дэмжлэг үзүүлдэг. Мөн Монголын бизнесийн байгууллагуудын брэндингийн бодлого тодорхойлох, бүтээгдэхүүн үйлчилгээний өнгөний шийдэл зэрэгт мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр шинэ салбарыг хөгжүүлэн ажиллаж байгаа.

Самбуугийн ЭНХБУЛАГ Хөгжим судлаач, хөгжмийн онолын багш

Монгол Улсын Консерваторийнхөгжмийн онол, сонсголын багш. ОХУ-ын Екатеринбург хотын М.П.Мусоргскийн нэрэмжит консерватори болон Соёл Урлагийн Их Сургуулийг дүүргэсэн. “Монголын хөгжмийн түүх: XX зуун” номын зохиогч, Урлаг, хөгжмийн боловсролын салбарт 42 дахь жилдээ ажиллаж байна.

Окуяама ЮМИ Япон улсын дуурь, хөгжмийн багш

Япон улсын дуурийн дуучин, хөгжмийн заах арга зүйн багш.

Токио хотын Хөгжмийн их сургуулийг төгссөн мэргэжлийн дуурийн дуучин бөгөөд дуурын дуучид бэлтгэх мэргэжлийн заах арга зүйн багш. 1999 онд Монгол-Япон хоёр орны соёлын харилцааны хүрээнд Япон улсын гадаад харилцааны яамны урилгаар Монгол улсад ирж Дуурь бүжгийн эрдмийн театрт ажилласан ба “Учиртай гурван толгой” дуурьт Нансалмаагийн дүрийг бүтээн дуулсан анхны гадаад дуучин болж байсан. Түүнээс хойш “Чингис хаан дуурь” болон В.А.Моцартын “Донжуан”, “Шидэт лимбэ” зэрэг олон бүтээлд Монголын дуучид уран бүтээлчидтэй хамтран дуулан ажиллаж ирсэн.

2011-2013 онд хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн сургуульд дуулаачийн багшаар ажиллаж, 2014-2018 онд Сити их сургуульд ажиллаж мэргэжлийн дуучин, уран бүтээлчдийг бэлтгэх ажилд өөрийн хувь нэмрийг оруулж байна. Түүний туйлийн хүсэл бол Монгол оронд мэргэжлийн дуурийн дуучдыг өндөр түвшинд бэлтгэх, тэрхүү дуучдыг олон улсын түвшинд амжилт гарахад нь туслан өөрийн мэдлэг чадвараа харамгүй зориулахад оршиж байгаа бөгөөд Монгол орныг олон улсад сонгодог урлагаар таниулахад чиглэж байгаа болно. Монгол улсын засгийн газар Түүний хөдөлмөрийг үнэлэн 2005 онд МУСТА цол тэмдэгээр шагнаж улмаар 2007 онд Монгол улсын Ерөнхийлөгч соёл урлагт оруулсан хувь нэмрийг минь үнэлж Найрамдал одонгоор тус тус шагнасан.

Stefano ANDREATTA Итали Улсын төгөлдөр хуурын багш

7 настайгаасаа эхлэн өөрийн аавтайгаа хөгжим болон төгөлдөр хуураар хичээллэж эхэлсэн. 10 настайдаа Malipiero Orchestra Filarmonia-д анхны бие даасан тоглолт мөн 15 настайдаа Бетховений төгөлдөр хуурын 1-р концертыг Filarmonia Malipiero Orchestra-тай хамтран тавьсан. Итали улсын Castelfranco Veneto хотын A. Steffani нэрэмжит хөгжмийн Их сургуульд Маэстро Francesco Bencivenga -н удирдлаган дор суралцан амжилттай дүүргэсэн. Мөн дараах жилүүдэд Riccardo Risaliti болон Anna Kravchenko-н удирдлаган дор суралцсан.

Тэрээр дотоодын болон олон улсын олон тэмцээнүүдэд амжилттай оролцож байсныг дурдвал: “Premio Brunelli” 1-р байр (2011), мөн уг онд Ром хотын зөвхөн шилдэг дүнтэй төгссөн оюутнуудын дунд зохиогддог Шопин олон улсын төгөлдөр хуурын тэмцээний III-р байр, 2012 онд Fano олон улсын төгөлдөр хуурын тэмцээний III-р байр эзлэн мөн Santa Barbara барууны хөгжмийн академид тоглох 9 төгөлдөр хуурчын нэгээр сонгогдсон ба тухайн концерт, уралдааны шилдэг 3 төгөлдөр хуурчийн нэг болсон.

2016 онд FVG олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд нэгдүгээр байр мөн Бетховены сонат болон XX зуун гэсэн 2 хөгжмөөр тусгай байрыг хүртсэн. 2017 онд Fazioli-н концертын танхимд KNS Classical label нэртэй CD-г бичүүлсэн ба Итали болон бусад орноор аялан тоглолтоо хийсэн.

Лхагвасүрэнгийн ЭНХМӨНХ Арт дизайнер

Энхмөнх буюу Desimoogn нь үе дамжсан уран дархан, уран бүтээлч бөгөөд график дизайн тэр дундаа брэнд, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн томоохон төслүүдэд ажилласан туршлагатай. Мөн үе дамжсан урлалаа хөгжүүлэн орчин үеийн хэрэгцээ шаардлагат нийцүүлэн ган сийлбэртэй хөөмөл арслантай авдар, хэт хутга, цутгамал шатар зэрэг бүтээгдэхүүнийг урлан бүтээсэн юм. GEM International үйлдвэрийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Steppe Cashmere брэндинг хөгжүүлэлт, Гацуурт брэндинг хөгжүүлэлт, Монгол хатгамал бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг төслүүдэд ажилласан.